Төв аймгийн нутагт сансарын биет унажээ

Улаанбаатар хотоос баруун урагш 180 орчим км зайд Төв аймгийн Бүрэн сумаас зүүн хойш 30 километрт орших Шуулайн "Хүйтэн ухаа" хэмээх газар энэ сарын 19-ний өдөр үдээс хойш гурван хэсэг сансарын биет унажээ.
Нутгийнхны яриагаар унасан сансрын биетүүдийн том нь ойролцоогоор хоёр тоннын төмөр ёмкосны дайтай байжээ. Сансрын биет нь төмөр бөгөөд ямар металл болох нь одоогоор тодорхойгүй байна.
Мөн уг газраас 6-7 км-ын зайд тус сумын малчин Ш.Батчулууны өвөлжөө буюу "Мангад" хэмээх газрын хяр хамар дээр 20 литрын багтаамжтай тогооны тагны тойргийн дайтай, арван кг орчим жинтэй бөөрөнхий хэлбэрийн жижиг биет бас унажээ. Очиж үзсэн нутгийнхан буюу Бүрэн сумын Засаг дарга Р.Очирбатын яриагаар том нь хоёр тонн орчмын бөмбөлөг хэлбэртэй шатсан төмөр байсан байна. Унахынхаа өмнө агаарт шуугисан их дуу чимээ гаргаж байсан бөгөөд газарт буухдаа аймшигтай чанга дуу сонсогдсон гэж өгүүлж байна.
Сансрын биетийн унасан газар нь уулын чулуулаг, хяр газар байсан учраас газрын хөрсөнд гүн шигдээгүй аж. Гэхдээ газар нь хонхойсон байна. Солир унасан газар нь цасгүй хар газар байжээ. Сансарын биет унахыг нь харсан оторчны яриагаар өдөр байсан болохоор гал утаа харагдаагүй, ойртож очиход халуун нөөлөг өөдөөс төөнөж байх шиг санагдахаар ойртох боломжгүй байсан байна.
Том нэг, бага хоёр нийт гурван биет дотроо хөндий хоосон байжээ. Том Биетийг хөдөлгөж дийлээгүй бөгөөд жижгийг нь Бүрэн сумын Засаг дарга Р.Очирбат УАЗ 469 машинд ачиж, сумын төвд хүргэсэн байна.
Сансарын биет унахад азаар Хүн, мал амьтан өртөж, гэмтэж бэртээгүй байна.
Дугаар шилжих мөчид Төв аймгийн Онцгой комиссынхон уг сансрын биетийг хамгаалалтанд авахаар Бүрэн сумыг зорьсон байна.
эх сурвалж : www.gogo.mn


Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих